Цахим банк ашиглах аюулгүй байдлын зөвлөмж
Интернэт банкны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр гарч болох эрсдэлүүд нэмэгдэж байдаг тул харилцагч та доорх зөвлөмжүүдийг хэрэгжүүлж аюулгүй байдлын эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.
Аппликэйшны нууц үг нь том, жижиг үсэг, тоо, тэмдэгтээс ( ! % & ( ) ^) бүрдсэн хамгийн багадаа 8 тэмдэгттэй байх.
Аппликэйшны нэвтрэх нэр, нууц үгээ шинэчлэхдээ бусдаас тусламж авахгүй, өөрөө шинэчлэх.
Аппликэйшны нэвтрэх нэр, нууц үгээ вэб хөтөч дээрээ хадгалахгүй байх.
Өөрийн овог нэр, төрсөн огноо, гар утасны дугаар гэх мэт бусад хүмүүс мэдэх боломжтой мэдээллийг нууц үг болгон ашиглахгүй байх.
Нэг дансны нууц үг алдагдахад бусад данснууд тань эрсдэлд орох өндөр магадлалтай тул Аппликэйшны нууц үгийг бусад систем болон төхөөрөмжид ашигладаг нууц үгтэй давхардуулахгүй байх.
Аппликэйшнд нэвтрэх нэр, нууц үг болон дансны дугаараа бусдад задруулахгүй байх.
Нууц үгээ ямар нэг цаас эсвэл утсан дээрээ ил харагдахаар тэмдэглэхээс зайлсхийх.
Нууц үгээ 6 сар тутамд сольж хэвших.
Аппликэйшн ашиглахдаа зөвхөн https://yesunshijir.mn хаягаар хандах.
Вэб хөтөч ашиглан гүйлгээ хийхдээ https:// гэсэн SSL нууцлалын сертификатаар хамгаалагдсан вэбсайт руу хандах.
Интернэт кафе болон олон нийтийн үйлчилгээний газрын найдвартай бус компьютер, Wi-Fi ашиглан интернэт банкандаа нэвтрэхгүй байх, нэвтэрсэн тохиолдолд заавал “Гарах” товчийг дарж гарч хэвших.
Аливаа гүйлгээ хийхээсээ өмнө хүлээн авагчийн нэр, дансны дугаар болон бусад холбогдох мэдээллийг зөв бичсэн эсэхээ шалгах.
Ухаалаг утас болон төхөөрөмжийг Jailbreak эсвэл Root хийх нь яагаад эрсдэлтэй вэ?
Jailbreak нь iOS үйлдлийн системтэй iPhone, iPad харин Root нь Android төхөөрөмжүүдэд үйлдвэрлэгчээс тавьсан хязгаарлалтыг эвдэх үйл явцыг хэлэх бөгөөд аль аль нь ижил үйлдэл үзүүлдэг.
Шинэ ухаалаг утасны маш олон үйлдлүүд зөвхөн үйлдвэрлэгч эсвэл үйлдлийн системийг бүтээсэн үйлдвэрлэгчийн програм хангамжийг ашиглах боломжтой байдаг бол App store-с татаж авсан албан ёсны бүх програмууд хэрэглэгчийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор хязгаарлагдмал хандалтын эрхтэй байдаг.
Төхөөрөмжид Jailbreak болон Root хийснээр тухайн төхөөрөмжийн администратор буюу бүрэн эрхийг олж авах бөгөөд App store, Play Store-т байхгүй, гуравдагч талын аппликэйшнүүдийг татан авч, үйлдвэрлэгчээс зөвшөөрөгдөөгүй эрсдэлтэй үйлдлүүдийг гар утсан дээрээ хийх сөрөг үр дагавартай байдаг. Мэдээж хэрэг илүү их үйлдэл хийх эрхтэй болсноор илүү эрсдэл, хариуцлага дагуулдаг.
Jailbreak болон Root хийснээр учирч болох эрсдэл
Олон програм, аппликэйшн Jailbreak / Root-г аюулгүй байдлын хувьд нийцэхгүй гэж үздэг тул түгжээ нь тайлагдсан төхөөрөмж дээр ажиллахаас татгалздаг. Банкны аппликейшнүүд нь харилцагчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Jailbreak / Root хийгдэж үйлдвэрлэгчийн хамгаалалт алдагдсан төхөөрөмж дээр ажиллахгүй байхаар зохицуулагдсан байдаг.
Jailbreak / Root хийгдсэнээр төхөөрөмж нь үйлдвэрлэгчийн хамгаалагдсан орчноос гардаг тул үйлдвэрлэгчээс олгосон анхдагч функцууд болон зөвшөөрлүүд нь цаашид хамааралгүй болдог. Ингэснээр таны төхөөрөмжид хортой програм суулгах эрсдэл үүсэх бөгөөд тэдгээр програмуудаар дамжуулан таны зөвшөөрөлгүйгээр бусад програмтай холбоотой файлуудыг зайнаас унших, илгээх, алсаас камер болон микрофоныг асаах, дуудлага чагнах, бичлэг хийх гэх мэт таны хувийн, санхүүгийн мэдээлэлд аюул занал учруулах үндэс болдог.
Мөн түүнчлэн, Jailbreak / Root хийгдсэн гар утсанд зориулсан аппликэйшнүүдийг ихэвчлэн сонирхогчдын жижиг бүлгүүд бүтээдэг тул эмзэг байдал ихтэй, хамгаалалт муутай эх код агуулсан байдаг.
Түүнээс гадна Jailbreak / Root хийх явцад утасны тохиргоонд оруулсан хэд хэдэн өөрчлөлтүүд нь хакеруудын хувьд бэлэн өгөөш болох магадлалтай байдаг төдийгүй гар утсыг алсаас хянах боломжтой болгодог.
Иймд харилцагч та өөрийн гар утас болон бусад төхөөрөмжөө Jailbreak эсвэл Root хийхгүйгээр ашиглахыг зөвлөж байна.